2008-06-09
-----Эр зүрхний шившлэгэ---- Л.Санждорж
 
Зуун зуунаар ширтэвч тэнгэрээ тэврээгүй, газрын хүслээр,
Зулайгаа нимгэртэл мөргөвч, бурхан тоогдохгүй сүсэгтний итгэлээр
Заяагаа зурахаар хүлэгээ дөрөөлсөн, миний хойноос
Зүрхэн дэхь бяцхан сүмийнхээ зулыг мөнх гэрэлтүүлж
Чи минь намайг хүлээ

Дуу алдуулам, торгон шүргээг минь үгүйлэх
Дуу алдам, охь халуун хүслээ
Дурдам хонгор биёийнхээ эс бүхэнд шингээж
Дарс мэт исгээд, ганцхан наддаа хадгал

Тэнгэрийн дуу болж зүрхэнд чинь цуурай хадаахаар
Тэнгисийн долгио болж өлмийг чинь ирж үнсэхээр
Газар тэнгэр шүргэлцэх ирдийн эх орноос
Гарьдын дэвэлтээр цаг хугацааг зүсч
Чамдаа би очино оо

Инж торгон биёээ дурлалын үр болгоод
Ирэх замын минь үзүүрт хайр ургуулж хүлээ
Эвлэж ядсан заяаны өрийг өмөртөл санагалзаж
Эхээс төрсөн биёээрээ нүв нүцгэн хүлээ

Үүрийн алтан хяраанаар, дүрийг минь тэмтчин хүлээ
Үдшийн зэлгээн сүүдрээр, гунигаа эмтчин хүлээ
Үггүй, цаггүй дурсамжаасаа, үнэрийг минь эрж хүлээ
Үүдгүй хаалгагүй сэтгэлээсээ, өөрийг минь олтлоо хүлээ

Бурман шаргал цай чинь, тогоогоо жийж оргиход
Бүжин гэнэн нүдний чинь, аньсага сочин зөгнөхөд
Халтар зээрдийн хатираанд, энгэрийн товчоо шулгануулж
Гантай дөрөөн чимээг, зүрхэнд чинь цахиж буунаа

Энх мэндийн заяа, гэрийн үүдэнд тэврэлдэж
Эс бүхний чинь гомдол болсон, сувдан нулимсаар гагнагдахад
Хорвоог багтаасан энгэртээ амрагын заяаг шингээж
Хосийн бурхан заяаны үүдийг хоёулаа сөхнө өө.
Бичсэн: ENKHEE_ACTION | цаг: 10:53 | Яруу найраг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



Спэм хамгаалалт:
   
 
xaax